АЛБА ХААГЧИД АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ПРАКТИК СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хар тамхитай тэмцэх, хууль сахиулах алба, Олон улсын хөтөлбөр, бодлогын асуудал хариуцсан газар (INL/GPP)-ын санхүүжилтээр тус улсын Хөдөө аж ахуйн газрын Ойн албанаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Зэрлэг ан амьтдыг хууль бусаар агнах гэмт хэрэгтэй тэмцэхэд үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд тус газрын Тэргүүн дэд дарга, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Б.Даваа, Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн мэргэшсэн шинжээч, доктор (Ph.D), цагдаагийн дэслэгч С.Дорждэрэм, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Б.Тэнүүн нар 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд сургалт, уулзалтад оролцлоо.
Сургалтын үеэр Орегон мужийн Ашланд хотод байрлах Америкийн Нэгдсэн Улсын Дотоод хэргийн яамны Загас, зэрлэг амьтдын албаны харьяа “Загас болон зэрлэг ан амьтдын Үндэсний шүүх шинжилгээний лаборатори”-д зочлон, тухайн лабораторийн бүртгэл мэдээллийн систем болон зэрлэг ан амьтан, ургамлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн газрын үзлэгээр ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх, бэхжүүлэх, зөөвөрлөх ажиллагаатай танилцлаа.
Мөн төслийн хүрээнд шүүх шинжилгээний байгууллагын Хүрээлэн буй буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн менежментийг сайжруулах, олон улсын стандарт, сайн туршлагыг нэвтрүүлэх, улмаар зэрлэг ан амьтан, ургамлын эсрэг гэмт хэргийн эд мөрийн баримтыг шинжлэх чадавхыг бэхжүүлэхэд цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон үр дүнтэй сургалт, уулзалт боллоо.





