“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН ШИНЖЭЭЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Азийн сангийн санаачилгаар Монгол Улсын Шүүхийн академи, Прокурорын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба хамтран хэрэгжүүлж буй “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээчдийг чадавхжуулах” сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтын нээлтийн арга хэмжээнд Азийн сангийн дэд ерөнхийлөгч, Монгол Улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбаяр, холбогдох алба хаагчид болон тус сангийн хамт олон оролцлоо.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбаяр сургалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтооход шинжээч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар, дадлага туршлага, ашиглаж буй техник хэрэгслийн хүчин чадал чухал ач холбогдолтойг онцолж, хүрээлэн буй орчны шинжээч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын практик туршлага, арга аргачлалыг нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй Азийн сангийн хамт олонд талархал илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалт 3 өдрийн турш үргэлжилнэ.





