ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ “ДЭД ЧУУЛГАН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга, уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний хүрээнд Шүүх шинжилгээний байгууллагын ахлагч нарын “Дэд чуулган”-ыг “Уламжлал ба шинэчлэл” сэдвийн дор өнөөдөр (2024.04.23) амжилттай зохион байгууллаа.
Дэд чуулганыг нээж Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд эх орон, төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөж, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад алба хааж, ачааны хүндийг үүрч яваа ахлагч бүрэлдэхүүний төлөөллүүд оролцож байна. Мөн байгууллагынхаа өнгө төрхийг тодорхойлж, ирээдүйд манлайлан ажиллах ахлагч бүрэлдэхүүний нийгмийн баталгааг хангах ажил, арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн” гэдгийг онцолсон.
Дэд чуулганаар “Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, байгууллагын цаашдын хөгжлийн чиг хандлага”, “Ахлагчийн алба өнөө ба ирээдүй”, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний онцлог, сайн туршлага”, “Байгууллагын үйл ажиллагаанд ахлагч бүрэлдэхүүний оролцоо” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, тулгамдаж буй асуудлуудын гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд чуулганд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл, Шүүх шинжилгээний байгууллагын ахлагч бүрэлдэхүүн танхим болон цахимаар хамрагдлаа.
Мөн Монгол Улсад Шүүх шинжилгээний байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ой, “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан тус байгууллагын Захирлаар ажиллаж байсан бригадын генерал Д.Батжаргалыг урьж, “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс” сэдвийн хүрээнд нээлттэй ярилцлагыг зохион байгуулан хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.
Алба хаагчдад өөрийн дурсамж, туршлагаа хуваалцаж, үнэ цэнтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн бригадын генерал Д.Батжаргал Танд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.




