“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны 04 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Хаалтын арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, харьяа агентлаг, байгууллагуудын дэд дарга нар болон иргэд, олон нийт оролцлоо.
Гурван өдөр үргэлжилсэн тус өдөрлөгийн үеэр Шүүх шинжилгээний байгууллагын лабораториудын сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, явуулын шинжилгээний лаборатори, байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэг, стратеги шинэчлэлийн талаар танилцуулахаас гадна гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний талаарх ойлголт, хуурамч мөнгөн тэмдэгт, онцгой албан татварын тэмдэгт, алт, үнэт эдлэлийн сорьцыг хэрхэн таних талаар анхан шатны мэдэгдэхүүн, сэрэмжлүүлэг өгч, сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээг үзүүлж, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох болон шинжээч мэргэжлийн давуу тал, онцлогийг сурталчлан таниулж, тус байгууллагын захиалгаар гадаад улсын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломжийн талаар иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл, танилцуулга өгч, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд нийт 2143 иргэнд үйлчилсэн бөгөөд байгууллагын үйл ажиллагааны талаарх танилцуулга, мэдээллийг 1773, сэтгэл зүйн зөвлөгөөг 153, шинжээч мэргэжлээр суралцах хөтөлбөрийн талаарх мэдээллийг 201 иргэнд өгч, 16 иргэний өргөдөл, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.Мөн орон нутгийн хэмжээнд нийт 5720 иргэнд үйлчилснээс байгууллагын үйл ажиллагааны талаарх танилцуулга, мэдээллийг 3269, шинжээч мэргэжлээр суралцах хөтөлбөрийн талаарх мэдээллийг 2451 иргэнд танилцууллаа.





