АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (IТЕС)-ийн хүрээнд тус улсын Хариана мужийн Манесар хотод байрлах Үндэсний аюулгүй байдлын сургалтын төв (NSG)-д зохион байгуулагдсан Тэсрэх төхөөрөмжийн суурь сургалтад тус газрын Криминалистикийн шинжилгээний газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад З.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Хан-Уул дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батцоож нар 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагч талын санхүүжилтээр амжилттай хамрагдаж, гар хийцийн тэсрэх төхөөрөмж аюулгүй болгох ажиллагааг бие даан хэрэгжүүлэх чадамжийн “Гэрчилгээ” авлаа.
Тус сургалтад Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон бусад 13 улсын зэвсэгт хүчин, цагдаа, дотоодын цэрэг, тэнгисийн цэрэг, бусад хүчний болон хууль сахиулах байгууллагын нийт 430 гаруй алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтын хүрээнд гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмж (IED)-ийг ашиглан үйлдэгдэх хорлон сүйтгэх ажиллагаанаас урьдчилан сэргийлэх үзлэг хийх, аюулгүй болгох ажиллагааг бие даан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлсэн онол, практикийн үр дүнтэй сургалт боллоо.








