МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Буудлагын аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ жил Шүүх шинжилгээний ерөнхий газраас Ханан-Ар буудлага спорт, сургалтын төвд зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, хошууч генерал Д.Ариунболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Нандинболор, Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Гансүх, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Даваа, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, бригадын генерал О.Ганбат, Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Төрийн тусгай хамгаалалтын газрын Дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр, Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд сургалтын газрын захирал, цагдаагийн хурандаа Х.Азбаяр болон зочид төлөөлөгчид, баг тамирчид оролцлоо.
Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, хошууч генерал Д.Ариунболд Буудлагын тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ: 2018 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэхүү буудлагын тэмцээний гол ач холбогдол нь байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, баг тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх бөгөөд байгаль, цаг уурын хүнд нөхцөлд байгууллага тус бүрээс томилогдсон хяналтын шүүгч ажиллан, олон төрлийн галт зэвсгээр оролцох бололцоог бүрдүүлж, “Буудлагын тэмцээний Бэлгэдэл бүхий шилжин явах Туг”-ийг анх удаа мандуулсан нь онцлог байгааг цохон тэмдэглэлээ.
Уг тэмцээнийг “Монголын гурван бууны болон Төмөр буудлагын холбоо”, “Монголын Ф Ангилал буудлагын холбоо”-той хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 170 гаруй тамирчид оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Баг, тамирчдад амжилт хүсье.









