“МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Бүгд Найрамдах Солонгос Улсын “КОЙКА” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламж, тус улсын Аюулгүй байдал, дотоод хэргийн яамны харьяа Үндэсний шүүх шинжилгээний байгууллагын дэмжлэгтэйгээр “Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, хаалтын арга хэмжээг “КОЙКА” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж, тайлангаа танилцууллаа.
Энэхүү арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жинвон, тус улсын Үндэсний шүүх шинжилгээний байгууллагын захирал, доктор (Sc.D) И Бунү, “КОЙКА”-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан тэргүүтэй зочид төлөөлөгчид болон Хууль зүй, дотоод хэргийн яам, агентлаг, байгууллагуудын дарга нар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын бие бүрэлдэхүүн оролцлоо.
Төслийн хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ, Хими, Дижитал, Бичиг баримтын шинжилгээний лабораториудад засвар, үйлчилгээ хийж, Олон Улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэд техник технологи, тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, шинжээч нарыг мэргэжлийн онол, практикийн сургалтад хамруулснаар Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан шинэ төрлийн шинжилгээнүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй, орчин үеийн техник технологи, программ хангамжийг ашиглан хийж байна.
Мөн төсөл амжилттай хэрэгжсэнээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйл ажиллагаанд “ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага” олон улсын стандартыг нэвтрүүлж, 12 төрлийн шинжилгээний лабораториуд ISO/IEC 17025:2017 (ISO/IEC 17025:2018) туршилт, шалгалт тохируулгын лабораторийн стандартын шаардлагыг хангаж, “Итгэмжлэлийн гэрчилгээ” авсан юм.






