ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ
Шүүх шинжилгээний байгууллага нь Дотоод явдлын яамны сайдын 1944 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тушаалаар “Шинжлэн магадлах техникийн 4 дүгээр тасаг” нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхэн замналтай бөгөөд тус байгууллагын үүсэж хөгжсөний 80 жилийн ойн өдрийг тохиолдуулан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, шинжлэн магадлахуйн үйл хэрэгт бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа нийт албан хаагчид, ахмад ажилтнууд, шинжээчид, дотоод, гадаадын их дээд сургуулиудад бэлтгэгдэж буй суралцагч, оюутнууд Та бүхэнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын алба хаагчдын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, улмаар Засгийн газрын 2023 оны 10 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг-Шүүх шинжилгээний ерөнхий газар болж, бүсийн Шүүх шинжилгээний төвүүдийг байгуулан, чиг үүрэг, тогтолцоо, үйл ажиллагаа өргөжин, цахим технологи, инженер-техник, хөрөнгийн болон байгаль орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох зэрэг шинэ төрлийн шинжилгээнүүдийг хийх эрх зүйн орчин бүрдсэн.
Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, мэдээлийн дэвшилтэт систем, техник, тоног төхөөрөмжөөр хангах, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын “КОЙКА” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэн, олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи бүхий ДНХ, Хими, Дижитал, Бичиг баримтын шинжилгээний лабораториудыг 2023 онд хүлээн авч, шинжээчдийг гадаад, дотоодын урт, богино хугацааны сургалтад хамруулж, шинжилгээний байгууллагын ажил, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхэд анхааран ажиллаж байна.
Уг лабораториудад олон улсын стандартын шаардлага хангасан, сүүлийн үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглаж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биоматериалаас ахуйн хэрэглээний хийг илрүүлэх, шинээр бүртгэгдэж буй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох, хүний биеийн яс, шүднээс геномын ДНХ ялган авч, харьцуулах, цахим төхөөрөмжөөс устсан мэдээллийг сэргээх зэрэг шинжилгээнүүдийг хийх бүрэн боломжтой боллоо.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр “Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл (МОН-22)”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Шүүх анагаах ухааны шинжилгээний лабораторийн барилга байгууламжтай болох, шинжээчдийг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулах зэрэг өргөн хүрээтэй ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
Түүнчлэн шинжээчдийн мэргэжлийн өрсөлдөөнийг бий болгож, шинжилгээний байгууллагаас гадуур шинжээч томилох, шинжилгээний салбаруудыг өргөн хүрээтэй болгох нөхцөл, боломж бүрдлээ.
Шүүх шинжилгээ нь аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж, хараат бусаар дүгнэлт гаргаж, гэмт хэргийг шуурхай илрүүлж, шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбарын нэг юм.
Хууль ёсыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэн ажилладаг Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны ёс зүйг чанд сахин биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэргийн үнэн мөнийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох ажилдаа улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
Шүүх шинжилгээний байгууллагын үе үеийн ахмад ажилтан, алба хаагч, нийт бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
