ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Шүүх шинжилгээний байгууллага нь Дотоод явдлын яамны сайдын 1944 оны 14 дүгээр тушаалаар “Шинжлэн магадлах техникийн 4 дүгээр тасаг” нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхэн замналтай бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 63 дугаар тогтоолоор “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-г байгуулсан.
Улмаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, Засгийн газрын 2023 оны 10 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг-Шүүх шинжилгээний ерөнхий газар болж, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ төрлийн шинжилгээнүүдийг хийх эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд алба хаагчдын нийгэм, эдийн засаг, эрх зүйн байдал дээшилсэн ололт амжилтаар дүүрэн жилийн Тайлангийн хурлыг анх удаа байгууллагын түүхийг бүтээлцсэн ахмад ажилтнууд, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэн ажиллаж буй алба хаагчид, залгамж халаа дотоод, гадаадын их дээд сургуулиудад бэлтгэгдэж буй суралцагч, оюутнууд зэрэг ахмад, дунд, залуу үеийн нийт алба хаагчид оролцож байгаагаараа онцлогтой юм.
Мөн энэ удаагийн хурлыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, Бүсийн шүүх шинжилгээний төв болон аймгийн Шүүх шинжилгээний нэгжийн бие бүрэлдэхүүнийг бүрэн хамруулсан байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын “КОЙКА” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Монгол Улсын Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ДНХ, Хими, Дижитал, Бичиг баримтын шинжилгээний лабораториудад олон улсын стандартын шаардлага хангасан, сүүлийн үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглаж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биоматериалаас ахуйн хэрэглээний хийг илрүүлэх, шинээр бүртгэгдэж буй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох, хүний биеийн яс, шүднээс геномын ДНХ ялган авч, харьцуулах, цахим төхөөрөмжөөс устсан мэдээллийг сэргээх зэрэг шинжилгээнүүдийг хийх бүрэн боломжтой болсон байна.
Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөр шинэ төрлийн буюу инженер-техник, хөрөнгийн болон байгаль орчны хохирлын үнэлгээ тогтоох, Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргаж эхэлсэн нь хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх томоохон дэвшилтэт ажил болсон юм.
Шүүх шинжилгээний байгууллагын бие бүрэлдэхүүн “Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шинжлэх ухааны баталгаа болох” эрхэм зорилгын хүрээнд ирэх 2024 онд олон улсын “ISO” стандартыг нэвтрүүлж, шинжилгээний лабораториудыг магадлан итгэмжлүүлэх, үзлэг шинжилгээ нэг бүрийн явцыг дуу, дүрсний аргаар бэхжүүлэх, БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр “Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл (МОН-22)”-ийг хэрэгжүүлэх, Бүсийн шүүх шинжилгээний төвүүдийн үйл ажиллагааг жигдрүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, жигд хүртээмжтэй хүргэх зэрэг олон ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.



