ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүх шинжилгээний байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 80 жилийн ойн хүрээнд Дотоод хэргийн их сургуультай хамтран “Шүүх шинжилгээний хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний тагнуулын академи, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаач, алба хаагчид оролцлоо.
Эрдэм шинжилгээний хуралд шүүх шинжилгээний онол, арга зүй, эрх зүй, зохион байгуулалтын асуудлыг хөндсөн 6 илтгэл шалгаруулсан бөгөөд Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбилэг “Монгол Улсад хууль бус ан агнууртай тэмцэхэд ДНХ-ийн баар кодыг ашиглах нь”, Чингэлтэй дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баясгалан “Аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчдийн ажиллах орчин нөхцөл, шинжилгээ хийхэд тулгамдаж буй асуудал, шинжилгээний үр дүнг сайжруулах арга зам”, Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтийн Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхимийн багш, цагдаагийн дэслэгч Б.Тунгалагбайгаль “Анагаах ухааны хөгжилд суурилсан шүүх эмнэлгийн шинжилгээний хувьсал”, мөн институтийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн багш, доктор (Ph.D), цагдаагийн ахмад Ч.Алтангэрэл “Тэсэрч дэлбэрсэн хэрэгт Шүүх шинжилгээний байгууллагын оролцоо өнөөгийн байдал, ирээдүйн боломж”, Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Н.Сайнбаяр “Мөрдөгчийн магадлагаа гаргах хууль зүйн учир холбогдол”, Цагдаагийн ерөнхий газрын Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Энх-Амгалан “Шинжээч, мэргэжилтний аюулгүй байдлыг ханган хамгаалах эрх зүйн зохицуулалт ба түүнийг хэрэгжүүлэх зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь шүүх шинжилгээний хөгжлийн чиг хандлага, шинэ төрлийн шинжилгээний арга аргачлал, стандарт, зохион байгуулалтын асуудлуудыг хөндөн, шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлсэн, алба хаагчдыг шинэ мэдлэг, мэдээллээр хангасан үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.









