“БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛЪЯ” СЭДЭВТ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүх шинжилгээний ерөнхий газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга, уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Байгаль орчноо хамгаалъя” сэдэвт Богдхан уул орчмыг цэвэрлэх ажлыг энэ оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Богдхан уулын Жаргалантын аманд байрлах Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Жаргалант сэргээн засах төв 113 дугаар ангийн гадна талбайд зохион байгуулсан бөгөөд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны болон Төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын удирдах бүрэлдэхүүний төлөөлөл оролцсон болно.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр хэлсэн үгэндээ “Байгалийн эко-систем, аялал зугаалгын эрүүл орчин болох Дархан цаазат “Богдхан уул”-ыг хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх, ахлагч бүрэлдэхүүний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, эх оронч үзэл, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болоход чухал ач холбогдолтой” талаар цохон тэмдэглэсэн юм.
Дээрх арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний төлөөлөл болох 1000 алба хаагч байгаль хамгааллын мэргэжилтнүүдтэй хамтран Богдхан уулын Чандмань, Хийморийн овоо, Арцатын, Хүүшийн, Тайны, Жаргалантын, Энхтайваны, Богины, Нүхтийн, Ихтэнгэрийн амуудад цэвэрлэгээ хийлээ.















