ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТУГАА ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ХҮЛЭЭН АВЛАА
Шүүх шинжилгээний тухай хуулийн 52 дугаар зүйлд “Шинжилгээний байгууллага нь туг, бэлгэ тэмдэгтэй байна” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/93 дугаар тушаалаар “Шүүх шинжилгээний байгууллагын тугны тодорхойлолт, хэрэглэх журам, загвар” батлагдаж, Туг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр (2024.05.14) зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Ахмадын холбооны дарга, цагдаагийн хурандаа Р.Пүрэвжав, бригадын генерал Д.Батжаргал, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бавар муж улсын Цагдаагийн давтан сургалтын төвийн Эрүүгийн тэргүүн комиссар ноён Müller, мөн төвийн Цагдаагийн тэргүүн комиссар ноён Müllbauer болон Шүүх шинжилгээний байгууллагын даргын зөвлөлийн гишүүд, ахмад ажилтан, алба хаагчид оролцлоо.
Зуны тэргүүн сарын шинийн 7-ны арвидахын барилдлагатай билэгт сайн өдөр Шүүх шинжилгээний байгууллага, алба хаагчдын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, гавьяа зүтгэл, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл бөгөөд төр, түмний төлөө шударгаар зүтгэхийн бэлгэдэл болсон Тугаа хүндэтгэн хүлээн авсан нийт бие бүрэлдэхүүн, ахмад ажилтнууд Та бүхний цаашдын ажил үйлс, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Шүүх шинжилгээний байгууллагын сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.







