"ОЛОН УЛСЫН IV СИМПОЗИУМ"-Д ОРОЛЦЛОО
Тайланд Улсын Хар тамхитай тэмцэх алба, Нийгмийн эрүүл мэндийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Олон улсын хар тамхитай тэмцэх, хууль сахиулах алба болон “Коломбо” төлөвлөгөөний хэрэг эрхлэх газраас тус улсын Бангкок хотноо 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шүүх шинжилгээний лабораториудын удирдлагуудын Олон улсын IV симпозиум”-д тус газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Химийн шинжилгээний лабораторийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Золжаргал оролцлоо.
Тус уулзалт, симпозиумд дэлхийн 25 орны мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын шүүх шинжилгээний байгууллагын холбогдох албан тушаалтнууд болон шинжээч мэргэжилтэн, судлаачид оролцож, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын өнөөгийн чиг хандлага, тэдгээрийг шинжлэх арга зүй, шинэ төрлийн мансууруулах бодис /NPS/-ын талаар харилцан мэдээлэл солилцож, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр туршлагуудаа хуваалцан, санал солилцсон үр дүнтэй уулзалт болсон.
Мөн симпозиумд оролцсон төлөөлөгчдөд Тайланд улсын хар тамхитай тэмцэх алба болон Мансууруулах бодисын үзэсгэлэнгийн төвийн үйл ажиллагааг танилцуулсан байна.



